Номын сангийн тухай...

Хэвлэх PDF

Номын сан- Грекээс гаралтай үг (biblioqhkh-biblion <<ном>> ба qhkh <<хадгаламжийн газар>>). Номын сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор баримт бичгийн бүх төрлөөс \гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм, микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад\ бүрдүүлж зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн  анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой холбоотой байдаг. Монголчууд бүр эртний Хүннү нар кэмү, дараа нь кидан, руни зэрэг бичгээр бичиж байсны дурсгал хадны бичиг хөшөө чулуунд өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. X зуунаас хойш уйгаржин бичиг хэрэглэх болж XIII зуунд төрийн хэргээ энэхүү бичгээрээ хөтөлж, мөн Чингисийн эзэнт улсын түүхэн дурсгал "Монголын нууц товчоо", "Алтан дэвтэр" зэрэг олон тооны түүх, уран зохиолын дурсгалт бичгийг бүтээжээ. Монголчууд номыг хус модны үйс, даавуун дээр утсаар шаглаж оёх, алт, мөнгө, зэс зэрэг 9 эрдэнээр урлах зэргээр хийхээс гадна модон болон тугалган барын номыг сүүлийн гурав, дөрвөн зууны хугацаанд барлан түгээж байжээ. "Манай дэлхийн хаана ч ном хэвлэдэг оньсон техник гараагүй байсан цагт Эртний Дорно дахинд, түүний дотор Монголд бичсэн номоо хувилан олшруулах дөт дөхөм нэгэн үйлдвэрийн арга боловсруулсан нь модон барын хэвлэл байлаа." гэж доктор Ц.Шүгэр тэмдэглэсэн байдаг. \Ц.Шүгэр.Монгол модон барын ном.-УБ.:1991\ Модон барын аргаар ном барлан олшруулах арга технологоо улам боловсронгуй болгон чулуун бар, хорголжин бар, төмөр барын аргаас XX зуунд орчин үеийн аргаар ном хэвлэх аргатай золгосон байна.

"Монгол хүн зон нь түүхийн урт удаан замыг туулахдаа тамга үсгээс эхлэн хятан, монгол, дөрвөлжин, тод, соёмбо, манж, нангиад, ланз зэрэг үсгүүдийг хэрэглэж бичиг номоо тэмдэглэн ирсний дотроос төвд, уйгаржин монгол, крилл монголоор хамгийн олон ном хэвлэсэн түүхтэй" гэж доктор Ж.Цэзэн бүтээлдээ дурджээ. \Ж.Цэзэн. Монгол ном.-УБ.:1999\

Нэгэнт ном бий болсон учир ном хуримтлагдан хадгалах газар номын сан байгуулагдаж эхэлсэн байна. Монголчууд Британийн музейн номын сан, Америкийн Конгрессын номын сан байгуулагдахаас олон зууны өмнө XVII зууны дундуур дэлхийн анхны номын сангуудыг байгуулж байсан мэдээ байна.

    Түрэг улсын Истанбул хотноо 1995 онд хуралдсан Олон улсын номын санчдын холбооны 61-р ерөнхий бага хуралд Түрэг улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгч тавьсан илтгэлдээ "Марио Доссоны бичсэн "Монголын түүх"-нд монголчууд төрийн номын сангуудыг нийтэд зориулан Уйгарын хотуудад нээж байгуулсан тухай дурдсан байдаг. Караходжа дахь номын сангаас 30 мянган хуйлаас бичиг эрхбиш үлдэж хоцорчээ." хэмээгээд "Монголын эзэнт улсын хаан Хулагу 400 мянган боть бүхий номын санг Ираны Мерагийн Насереддино багшид зориулж байгуулахдаа Төв Азиар дамжин довтлох үедээ Багдад Дамаскаас болон Элизираас авч бүрдүүлсэн номоо ашигласан байна" гэж Монголчууд XIII зууны эхээр номын сан байгуулж байсан баримтыг Ираны жишээгээр дурдсан байна.Монголчууд XIII зууны үеийн байлдан дагуулалтаараа соёлын өвийг сүйтгэж балмад ажиллагаа явуулж байсан гэсэн Өрнөдийн өрөөсгөл ойлголтыг дээр дурдсан мэдээлэл няцааж өгснөөр барахгүй төрийн номын сангуудыг нийтэд зориулан монголчууд нээж байсныг гэрчлэх баримт болсон юм. \Н.Цагаач. Эрдмийн сувд.-УБ.:2008\

     Монголчууд ийнхүү төрийн номын сангуудтай байсны гадна нүүдлийн аж ахуйд тохирсон гэрийн номын сантай айлууд их байсан байна. Хуучны монголын айл өрх бүрийн гол авдар дээр наад зах нь гурваас таван ном тавиастай байдаг байсан. Чинээлэгхэн монгол хүн, бичиг эрдмийн хүмүүс гэрийн номын сантай, түүнээ үр хүүхэддээ үе залгамжлуулан өмчлүүлдэг байжээ. Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны бичээч Түмэнбаяр, мөн аймгийн малчин ард Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны бичээч Бэгз, мөн аймгийн Чин сүжигт номун хан хутагт гэж алдаршсан Жамъянгаравын Цэдэнбалжир нарын зэрэг хувьдаа монгол, төвд, самгарди, манж хэлний олон ном судар, түүх, уран зохиол, гүн ухааны дурсгалт бичгийн цуглуулгатай хүмүүс олон байсан мэдээ байдаг.

     Дархан чин ван Пунцагцэрэн хувийн номын сангаасаа монгол, манж, хятад бичгийн 2000-д номыг 1925 онд Судар бичгийн хүрээлэн \Улсын Төв номын сан\ -д өргөн барьж байжээ.

     Монголчуудын номын сангийн өв нь гол төлөв сүм хийдүүдэд төвлөрч байжээ. Ялангуяа XVI зууны сүүлч XVII зуунд Бурхны шашин хүчтэй дэлгэрч эхэлсэнээс хойш сүм хийдүүд байгуулагдаж тэдгээрт ном судар олноор хуримтлагдан номын сангуудтай болсон байна. Сүм хийдийн номын сангуудын дотор Халхын найман богдоос уламжлан ирсэн XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын шашин төрийг хослон баригч Богд Жавзандамбын (1869-1924) номын сан байсан бөгөөд монгол, манж, төвд, самгарди зэрэг олон хэлний номноос "Энх-Амгалангийн бодлогын бичиг" (48 дэвтэр), "Хүйтэн уулын бичиг" (16 дэвтэр), "Хааны бичсэн Манж-Монгол үгийн тайлбар толь бичиг" (40 дэвтэр), "Жин-пин-мэй" бичиг (40 дэвтэр) зэрэг нь одоо Монголын Үндэсний номын сангийн ховор үнэт номын фондонд хадгалагдаж байна. XX зуунтай Монгол орон золгохдоо гэрийн болон сүм хийдийн 800 гаруй номын сантай байсан байна.

    XX зууны Монголын номын сангийн хөгжил нь 1921 оны ардын хувьсгалын ялалттай нягт холбоотой юм. Ардын хувьсгал ялсанаас хойш дөрвөн сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх улсын анхны номын сангийн үндэс суурь тавигдаж 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, Судар бичгийн хүрээлэнг Козины байрлаж байсан өндөр байшинд байрлуулах, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгохоор тогтжээ. Энэхүү хүрээлэнгийн дэргэд О.Жамъян, Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Цэвээн Жамсранов нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан нь одоогийн Монгол Улсын Үндэсний номын сангийн эх үүсвэр болсон байна. Одоо Үндэсний номын сан нь 3 сая гаруй номын фондтой манай улсын тэргүүлэгч номын сан болон үйл ажиллагаагаа явуулж байна.

    Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1500 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийн хамгийн алдартай номын сангууд        

  • Ассирын нийслэл Ниневи дэх Ашшурбанипал хааны номын сан
  • Египетийн эртний Эллиний Александрийн номын сан
  • Пергамийн номын сан
  • Отрарийн номын сан
  • Кордовын II Аль Хакамийн номын сан
  • Ватиканы номын сан
  • Париж дахь Францын Үндэсний номын сан
  • Бээжин хот дахь Хятадын Үндэсний номын сан
  • Милан дахь Амборзоны номын сан
  • Флоренцийн Лауренцийн номын сан
  • Вашингтоны Конгрессын номын сан
  • Лондоны Британийн номын сан \дэлхийн хамгийн их цуглуулгатай номын сан. Өнөөдрийн байдлаар 150 сая гаруй нэгж ном, хэвлэлийн бүтээгдэхүүнтэй\
  • Оксфордын их сургуулийн Бодлейн номны сан \дэлхийн эртний нийтийн номын сангуудын нэг\ 
  • Кембриджийн их сургуулийн номын сан  
  • Копенгангийн Хатан хааны номын сан
  • Берлиний Үндэсний номын сан
  • Санкт-Петербургийн Оросын Үндэсний номын сан
  • Баруун Европ дахь хувийн түүхэн цуглуулгууд: Валлендортийн номын сан, Запускийн номын сан
  • Швейцарь дахь ариун Галлийн сүмийн номын сан
  • Прагийн Гейдельбергийн их сургуулийн дэргэдэх Палатины номын сан зэрэг ордог байна.

                                                                  Бэлтгэсэн Д.Оюунбилэг.